Иргэн таны хуулийн мэдлэгт

⚖️ ХАРИУ ТАЙЛБАР БИЧИХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Шүүхээс нэхэмжлэл хүлээн авсан тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх, ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тодорхой тайлбарлах шаардлагатай.

Хариу тайлбар нь зөвхөн “би зөвшөөрөхгүй байна” гэж бичих бус, өөрийн байр суурийг үйл баримт, хууль, нотлох баримтад тулгуурлан тайлбарласан байх нь чухал.

📌 1. ӨӨРИЙН БАЙР СУУРЬ, ТАТГАЛЗЛАА ТОДОРХОЙ БИЧИХ

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа эсэх, эсхүл зарим хэсгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг татгалзаж байгаа эсэхээ тодорхой бичнэ.

Жишээлбэл:

🔹 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй;
🔹 Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрнө;
🔹 Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс ямар байр суурьтай байгаагаа шууд ойлгох боломжтой байдлаар бичих хэрэгтэй.

📌 2. ТАТГАЛЗАЖ БУЙ ҮНДЭСЛЭЛЭЭ ТАЙЛБАРЛАХ

“Нэхэмжлэл үндэслэлгүй” гэж ерөнхий байдлаар бичих нь хангалтгүй.

Яагаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаараа ямар үйл явдал болсон, нэхэмжлэгчийн тайлбарын аль хэсэгтэй санал нийлэхгүй байгаа, өөрийн байр суурийг ямар нөхцөл байдалд тулгуурлаж байгаа зэргийг тодорхой тайлбарлана.

Тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага бүртэй холбоотой, ойлгомжтой, дараалалтай байвал илүү үр дүнтэй.

📌 3. ХУУЛЬ, НОТЛОХ БАРИМТААР БАТАЛГААЖУУЛАХ

Хариу тайлбарын хамгийн чухал хэсэг нь татгалзлын үндэслэлээ нотлох явдал.

Жишээлбэл:

📄 гэрээ,
💳 төлбөрийн баримт,
💬 чат, цахим харилцаа,
📷 зураг, бичлэг,
📑 акт, албан бичиг болон бусад холбогдох баримтыг хавсаргаж болно.

ИХШХШТХ-ийн 38.1-д зохигч өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

Тиймээс “би ингэж бодож байна” гэдгээс илүү “би ингэж тайлбарлаж байгаа бөгөөд үүнийг энэ баримтаар нотолж байна” гэсэн байдлаар бичих нь чухал.

📌 4. ТОДОРХОЙ, ОЙЛГОМЖТОЙ БИЧИХ

Хариу тайлбар нь хэт урт, давхардсан, ойлгомжгүй байх шаардлагагүй.

Хэрэгт хамааралтай үйл баримтыг цаг хугацааны дарааллаар, товч бөгөөд тодорхой бичиж, холбогдох нотлох баримтаа хавсаргана.

Жишээлбэл: “2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр талууд гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд үүнийг хавсаргасан төлбөрийн баримтаар нотолно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэсэн байдлаар үйл баримт → тайлбар → нотлох баримт → дүгнэлт гэсэн дараалалтай бичиж болно.

⚖️ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЗӨВЛӨМЖ

Хариу тайлбар бичихдээ дараах 4 асуултад заавал хариулаарай:

1. Нэхэмжлэлийн аль шаардлагыг зөвшөөрөхгүй вэ?
2. Яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ?
3. Үүнийг ямар хуулийн үндэслэлээр тайлбарлах вэ?
4. Өөрийн тайлбарыг ямар нотлох баримтаар батлах вэ?

⚖️ Хариу тайлбар бол нэхэмжлэгчийн шаардлагад хариу өгч, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чухал баримт бичиг юм.

Тиймээс хариу тайлбараа сэтгэл хөдлөлөөр бус, үйл баримт, хууль, нотлох баримтад тулгуурлан тодорхой бичээрэй.

📌 Хариу тайлбар хэрхэн боловсруулах, татгалзлаа ямар үндэслэлээр гаргах, ямар нотлох баримт бүрдүүлэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө аваарай.

⚖️ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ТАНЫ ИТГЭЛ

 

© 2026 он. ENJ Consulting. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency