Шүүхэд нэхэмжлэл гаргах нь зөвхөн “надад ийм асуудал тулгарсан” гэж бичихээс илүү өргөн ойлголт юм. Нэхэмжлэлд юу болсон, таны ямар эрх зөрчигдсөн, хэнээс юу шаардаж байгаа, шаардлагаа ямар баримтаар нотлох талаар тодорхой, ойлгомжтой тусгах шаардлагатай.
📌 1. ШҮҮХЭЭ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ
Нэхэмжлэл гаргахаас өмнө тухайн маргааныг ямар шүүх шийдвэрлэх эрхтэй вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй.
Иргэний хэрэг бүр ижил шүүхэд хамаарахгүй. Маргааны төрөл, талуудын байдал, хуулиар тогтоосон харьяалал зэргээс шалтгаалан нэхэмжлэл гаргах шүүх өөр байж болно.
Тиймээс нэхэмжлэлээ бичихээс өмнө шүүхийн харьяаллыг зөв тогтоох нь хамгийн эхний алхам юм.
📌 2. МЭДЭЭЛЛЭЭ БҮРЭН, ЗӨВ БИЧИХ
Нэхэмжлэлд нэхэмжлэгч болон хариуцагчийн овог, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл зэрэг шаардлагатай мэдээллийг үнэн зөв тусгана.
Мөн нэхэмжлэлд шаардлагатай бусад мэдээллийг орхигдуулахгүй байх нь чухал.
Жишээлбэл, хариуцагчийн мэдээлэл тодорхойгүй, нэхэмжлэлийн агуулга дутуу эсвэл ойлгомжгүй байвал шүүх нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхэд хүндрэлтэй.
📌 3. НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГАА ТОДОРХОЙ БИЧИХ
Нэхэмжлэлийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бол “Шүүхээс яг ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байна вэ?”гэдгээ тодорхой бичих явдал.
Жишээлбэл:
🔹 5,000,000 төгрөг гаргуулах;
🔹 гэрээг цуцлуулах;
🔹 эд хөрөнгө буцаан гаргуулах;
🔹 учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэх мэт.
“Миний эрхийг хамгаалж өгнө үү” гэж ерөнхий бичихээс илүү ямар эрхийг хэрхэн хамгаалуулахыг хүсэж байгаагаа тодорхой бичих нь чухал.
📌 4. ҮНДЭСЛЭЛ, НӨХЦӨЛ БАЙДАЛ, НОТЛОХ БАРИМТАА УЯЛДУУЛАХ
Нэхэмжлэлд зөвхөн шаардлагаа бичээд зогсохгүй яагаад ийм шаардлага гаргаж байгаа талаараа дараалалтай тайлбарлана.
Өөрөөр хэлбэл:
Юу болсон бэ?
→ Ямар үйл явдал болсон талаар.
Таны ямар эрх зөрчигдсөн бэ?
→ Хариуцагчийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх зөрчигдсөн талаар.
Юуг шаардаж байна вэ?
→ Шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа талаар.
Ямар баримтаар нотлох вэ?
→ Гэрээ, төлбөрийн баримт, чат, зураг, бичлэг болон бусад нотлох баримтаар хэрхэн нотлох талаар.
⚖️ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЗӨВЛӨМЖ
Нэхэмжлэл бичихдээ хамгийн гол нь шаардлага, үндэслэл, нотлох баримт гурав хоорондоо уялдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлээ уншсан хүн:
“Юу болсон → Ямар эрх зөрчигдсөн → Юуг шаардаж байгаа → Яагаад түүнийг шаардаж байгаа → Ямар баримтаар нотолж байгаа”
гэдгийг шууд ойлгох боломжтой байхаар бичээрэй.
📖 ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр, агуулгад тавигдах шаардлагыг, 38 дугаар зүйлд нотлох баримттай холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг.
Нэхэмжлэлээ хуульд нийцүүлэн зөв боловсруулах нь таны эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахад чухал ач холбогдолтой.
📌 Нэхэмжлэлээ хэрхэн зөв бичих, ямар нотлох баримт бүрдүүлэх, ямар шаардлага гаргах талаар эргэлзэж байвал мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө аваарай.
⚖️ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ТАНЫ ИТГЭЛ
© 2026 он. ENJ Consulting. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency